Joomla ийн талаар

http://www.miniih.com/miniiblog/misia/files/joomla.png
Та бүхэн одооноос Joomla!-г сонирхон хэрэглэж эхлэх байгаа бол эсвэл хэрэглэдэг ч гэсэн заримдаа санаанд ордог зүй ёсны асуулт гэвэл яагаад....

заавал Joomla! сайн гэж, яг юугаараа сайн гэж, бусад Агуулгын Удирдлагын Системүүдээс ямар ялгаатай, эдгээр сайн системүүдийн тус тусын онцлог, давуу болон сул талууд юу болох зэрэг байж болох юм. Энэхүү хичээлдээ би та бүхэнд Joomla!-гийн давуу болон сул талыг, бусад агуулгын удирдлагын системээс юугаараа илүү болохыг тайлбарлан үзүүлье. Joomla!, Drupal, Plone, Xoops зэрэг агуулгын удирдлагын системүүд бүгдээрээ сайн хөгжсөн, аюулгүй байдал сайн хангасан маш сайн системүүд гэдгийг хамгийн түрүүнд онцлон хэлмээр байна. Гэсэн хэдий ч Joomla! нь сайнууд дундаас сайн гэдгийг онцлон танилцуулъя.
Агуулгын Удирдлагын Систем гэж юу вэ?
Бид Joomla! гэж ярихаасаа өмнө вэбсайт, вэбдизайн хэрхэн хөгжсөөр байгаад Агуулгын Удирдлагын Систем (АУС) хүрсэн, АУС гэж юу болохыг товч ярих хэрэгтэй болов уу. Вэбийн эхэн үеийн вэбсайтууд нь энгийн кодчлолтой буюу HTML (HyperText Markup Language) формат ашиглан вэб хуудсуудыг вэб хөтчөд ойлгомжтой байдлаар гаргаж байсан бөгөөд энгийн статик вэбсайт бүтээхэд мэргэжлийн вэб дизайнер, вэбмастер шаардлагатай байсан. HTML файлд хадгалагдсан мэдээлэл нь хэрэглэгчийн хүссэн байдлаар, хэрэглэгчийн сонголтоос хамааран өөрчлөгддөггүй тогтмол учир “Статик вэбсайт” гэсэн ойлголт гарсан. Нэгэнт мэдээллийг оруулаад хадгалсан бол өөрчлөх боломж тун бага, хэрэглэгчийн хүссэн мэдээллийг шүүн гаргадаггүй учир түгээх мэдээллийн шинж чанар хязгаарлагдмал байсан.
Вэб хөгжих явцад вэб скрипт програмчлалын хэл болох PHP (Personal Home Page) гарч ирсэн шинэ төрлийн вэбсайтууд гарах үндсийг тавьсан. Вэб програмчлалыг ашиглан энгийн статик вэбсайтаар хүргэж байсан мэдээллийг MySQL гэх мэт мэдээллийн баазаас шүүн, олон нийтэд хүргэх эсвэл тодорхой хүмүүст нууц үгээр хамгаалан хүргэх, газар орноос хамааран мэдээлэл хүргэх, энгийн текст засварлагч болох WYSIWYG (What-You-See-Is-What-You-Get) засварлагч хэрэглэх боломж, төрөл бүрийн мэдээллийн баазтай холбогдох боломжууд нээгдсэн бөгөөд Динамик буюу уян хатан вэбсайтууд төрөн гарч эхэлсэн. Динамик вэбсайтын гол давуу тал нь энгийн хэрэглэгчид мэдээлэл оруулах, засварлах боломжтой WYSIWYG засварлагч бөгөөд энэ нь бидний хэрэглэж заншсан Microsoft Word шиг засварлагчаар дамжуулан мэдээлэл оруулах боломжийг олгодог. Мөн мэдээллийн баазад холбогдон, тэндээс мэдээллийг гарган үзүүлж эхэлсэн нь өнөө үеийн Агуулгын Удирдлагын Системүүд (АУС) бүтээх үндсийг тавьсан.
Агуулгын Удирдлагын Систем (АУС) гэдэг нь төрөл бүрийн текст болон цахим мэдээллүүдийг үүсгэх, засварлах, өөрчлөх, удирдах, зохион байгуулах, хайх болон нийтлэхэд хэрэглэгддэг програм хангамж юм. АУС-ууд нь төрөл бүрийн үйлдлийн систем, төрөл бүрийн програмчлалын хэл дээр ажиллахаар зохиогдсон байдаг. Эдгээрээс PHP, ASP, JSP, Python гэх мэт түгээмэл вэб програмчлалын хэл дээр бүтээгддэг бөгөөд хамгийн түгээмэл нь PHP (http://www.php.net) юм. Тэр ч утгаараа АУС-г сонгоход PHP дээр хийгдсэн байвал давуу талтай гэж болно.
АУС-үүдийн эхний үеийнх нь phpNuke бөгөөд вэбсайт бүтээх, удирдан авч явах ажлыг ихэд хялбаршуулж, зөвхөн мэргэжлийн вэбмастерууд төдийгүй мэдээллийг зохиодог, бичдэг, эмхэлдэг хүмүүс болох хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид, оффисын ажилтнуудыг вэбсайт удирдан зохион байгуулах ажилд татан оролцуулах боломжийг нээсэн болно.

Өнөө үед хэрэглэгдэж байгаа АУС-үүд нь динамик вэбсайт дээр тулгуурлан хөгжсөн бөгөөд PHP, ASP, JSP, Phyton гэх мэт вэб програмчлалын хэл дээр суурилсан байдаг. Эдгээрээс PHP нь чөлөөт, нээлттэй эхийн програмчлалын хэл бөгөөд энэ нь интернетд хамгийн өргөн тархсан болно. ASP, JSP-тэй харьцуулахад PHP нь үнэгүй, сурахад хялбар, уян хатан вэб програмчлалын хэл бөгөөд та АУС сонирхож байгаа бол PHP дээр ажилладагийг анхаарвал зүйтэй. Сүүлийн үед өргөн тархсан АУС-үүд нь дараахи давуу талтай:
  • Тархацтай системийн удирдлага
    Дурын вэб хөтчөөс хандан, хаанаас ч орж удирдах боломжтой, хялбар байдал.
  • Мэргэжлийн бус хүмүүс вэбсайтд оролцох боломж
    Хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид, удирдах ажилтнууд вэбсайтд мэдээлэл оруулах, үүсгэх, хянах, батлах зэрэг үүргүүдийг хялбар гүйцэтгэх боломжтой интерфэйстэй байдаг. Та заавал мэргэжлийн хүн гэхгүйгээр өөрөө вэбсайт аваад явах бүрэн боломжтой.
  • Хялбар удирдлагын самбар
    Энгийн хэрэглэхэд хялбар удирдлагын самбар нь вэбсайтны удирдлагыг маш амархан болгох бөгөөд та мэргэжлийн бус хүн байсан ч гэсэн өөрийн вэбсайтдаа шинэ мэдээлэл нэмэх, бэлэн мэдээллийг өөрчлөх, шинэ хуудас нэмэх гэх мэт үйлдлүүдийг өдөр тутмын хэрэглээний програм хангамж дээр ажиллах байгаа мэт хялбар, итгэл төгс гүйцэтгэх болно.
  • Хэрэглэгчийн эрх, түвшин
    Хэрэглэгчийн нэр, нууц үгээр хязгаарлан хаашаа хандаж, ямар эрхтэйгээр мэдээллийг удирдахыг зохицуулдаг.
  • Вэб дизайны нэгдсэн удирдлага
    Дизайн, мэдээлэл нь тусгаар байдаг. Дизайн загвар – template – ашигладаг учир аливаа вэбсайтын хэмжээнээс үл хамааран дизайныг хялбараар өөрчлөх боломжтой байдаг.
  • Цэс автоматаар үүсдэг
    Мэдээллийн бааз дахь мэдээлэл буюу заавал үүсгэсэн бэлэн мэдээлэл рүү холбоос бүхий цэс үүсгэдэг учраас байхгүй, устсан мэдээлэл рүү холбоос гарч тасрах асуудал бага байдаг.
  • Мэдээллийг тусад нь баазад хадгалдаг
    Мэдээллийг баазад хадгалснаар өөр өөр газар хялбархнаар гаргах болох ба төрөл бүрийн хэрэгсэлд (компьютер, гар утас болон зөөврийн хэрэгслүүд) зориулан хялбараар өөрчлөн гаргаж болно. Мөн мэдээллээ нөөцлөн хуулахад хялбар болгодог.
  • Динамик мэдээлэл
    Хэлэлцүүлгийн самбар, санал асуулга, хайлтын систем, шинэ мэдээллийн хуудас, мэдээний суваг зэрэг нь бэлэн компонентоор дамжин гардаг тул шинээр үүсгэх, удирдахад нэн хялбар.
  • Хамтын ажиллагаа
    Ашиглахад хялбар учраас байнга шинэчлэхийг шахдаг ба хүмүүс хамтран мэдээлэл дээр ажиллах боломжтой болдог.
  • Мэдээллийн цацах хуваарь, хэлбэр
    Мэдээллийг тодорхой хугацаа заан цацаж болох эсвэл зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид үздэгээр хийж болно.
  • Хэлний багц
    Мэдээлэл, дизайнаас тусдаа үүсгэсэн хэлний багц ашиглан ямарч хэл рүү чөлөөтэй орчуулах боломжтой бөгөөд Unicode кодчлолыг сүүлийн үеийн ихэнх АУС-үүд дэмждэг болсон тул вэбсайтыг олон хэл дээр үүсгэхэд дөхөмтэй.
  • PDF дээр авах
    Ихэнх АУС дээр мэдээ мэдээлэл, нийтлэлүүдийг шууд PDF файл руу хөрвүүлэн татан авах боломжтой байдаг бөгөөд ингэснээр хэрэглэгчид аливаа мэдээллийг хадгалан авч дараа нь хялбар байдлаар үзэх боломжийг нээдэг.
Түгээмэл АУС-үүд
joomla_logoМэдээж энэхүү нийтлэлийн “гол баатар” буюу интернет дээр хамгийн түгээмэл тархсан АУС бол Joomla! юм. Чөлөөт, нээлттэй эхийн байх зорилгоор 2005 онд Mambo АУС-ээс салан гарснаасаа хойш 3 жил гаруй хугацаанд олон сайн талаараа вэб хөгжүүлэгчдийн дэмжлэгийг авч өргөн тархаж амжжээ. Суулган, шинээр вэб гаргахад хялбар бөгөөд нэмэлт загвар, компонентууд үнэгүй олоход ч мөн амархан. Аюулгүй байдлыг ханган ажиллуулахад цаг зав зарцуулах хэрэгтэй. Бид Joomla! Аюулгүй байдлыг ханган ажиллуулах гарын авлагыг өмнө нь нийтэлсэн билээ.
03_drupal_logoСайн удирдлагын хэсэг, уян хатан вэбсайтын бүтэц, хайлтын системийг гайхалтай дэмждэг гээд олон сайн талтай, чөлөөт нээлттэй эхийн Drupal АУС нь томоохон вэбсайт ажиллуулахад нэн тохиромжтой. Гэхдээ хязгаарлагдмал дизайн, харьцангуй цөөн тооны нэмэлтүүд хийгээд нарийн засварлахад төвөгтэй байдал эхлэн суралцагчид төдийгүй нилээдгүй вэб дизайнеруудад асуудал үүсгэдэг. Та хангалттай цаг зарцуулж чадвал хамгийн сайн вэбсайт бүтээх хэрэгсэл тань болно. Хангалттай хугацаа гэдэг бараг 1-2 жил учраас энэхүү маш сайн АУС-г хурдан дэлгэрэхэд тодорхой хэмжээгээр саад болж байгаа юм.
04_plone_logoPython хэл дээр бичигдсэн Zope сервер дээр ажиллахад зориулан бүтээгдсэн, чөлөөт нээлттэй эхийн АУС юм. Дотоод вэбсайт болон бүлгээрээ ажиллах вэбсайт бүтээхэд сайн ажилладаг бөгөөд Zope сервер шаарддаг учраас функц нэмэхэд хүндрэлтэй байдаг. Вэбийн стандартуудад сайн нийцдэг ба өөрийн суурь хэлний онцлогоос хамааран аюулгүй байдлыг сайн хангадаг. Вэб хостинг серверүүд дээр шууд суулгах боломжгүй байдаг нь хамгийн гол дутагдалтай тал нь юм.
05_xoops_logoeXtensible Object Oriented Portal System буюу XOOPS нь порталд зориулагдан анх бүтээгдсэн хэдий өөрийн давуу тал дээр тулгуурлан ажиллаж чадаагүй, төслийн хөгжүүлэлт удаан гэсэн шүүмжлэлд өртдөг. Гэсэн хэдий ч техникийн шийдлийн хувьд сайн АУС бөгөөд smarTy загвар хэрэглэсэн нь тохируулахад боломжийн шийдэл юм.
06_wordpress_logoЭнэ АУС-н гол зориулалт нь блог буюу тэмдэглэл, нийтлэлийн вэбсайт ажиллуулах юм. Төрөл бүрийн бүлэгт ангилан, дурын түлхүүр үгээр хуваарилан өдрийн тэмдэглэлийг хөтлөхөд нэн тохиромжтой бөгөөд олон хэрэглэгчидтэй, олон домайнтай хувилбартай. Энгийн вэбсайтууд, зургийн цомог, хэлэлцүүлэгтэй бүтээхэд боломж муу, дизайныг дурын байдлаар өөрчлөхөд хязгаарлагдмал учраас вэбсайтуудын хувьд тохирдоггүй юм.
Joomla! Агуулгын Удирдлагын Систем
Эдгээр дээр дурдсан АУС-үүдтэй харьцуулахад Joomla! нь дараахи давуу талуудтай юм. Үүнд:
  • Сайн тархсан, маш олон хөгжүүлэн дэмжигчидтэй
    Блогоос (WordPress гэх мэт) бусад төрлийн АУС-ээс та Google хайлтын системээр “joomla” гээд хайхад 114 сая үр дүн, “drupal” гээд хайхад 30 сая, “plone” гээд хайхад 10 сая үр дүн гарч байгаа нь хир зэрэг өргөн тархсаныг харуулна.
  • Уян хатан байдал
    АУС нь өөрийн анх суух үед байдаг энгийн функциудаас гадна зургийн цомог, хэлэлцүүлэг, санал хүсэлтийн дэвтэр, зарлалын самбар, хуанли зэргийг нэмэхийг хүсвэл Joomla!-д зориулсан нэмэлтүүдийг дийлэнх нь үнэгүйгээр олдоно. Мэргэжлийн хөгжүүлэгчдийн мянга мянган вэбсайтуудаас гадна Joomla! АУС-н үндсэн вэбсайтны нэмэлтийн вэбсайт – http://extensions.joomla.org -аас 4500 гаруй компонентууд, модулиудын дийлэнхийг үнэгүй авч өөрийн вэбсайтаа бүтээхдээ хэрэглээрэй.
  • Сурахад маш хялбар
    Өмнө дурдсан давуу талуудаас ч илүү чухал давуу тал гэвэл эхлэн суралцагчдын хувьд сурч ойлгон, вэбсайтаа бүтээж эхлэхэд бусад АУС-үүдтэй харьцуулахад хамаагүй амархан байдаг бөгөөд HTML, CSS-н анхан шатны мэдлэгтэй хэн ч болов хялбархан дизайн загварыг өөрчлөн өөрийн гэсэн өнгө төрхтэй вэбсайтыг бүтээж чадна. Мэргэжлийн бус хүмүүсийн хувьд нэгэнт дизайн нь дуусаад ажилд орсон вэбсайтын мэдээллийг шинэчлэн цаашид авч явахад мөн асар хялбар бөгөөд Microsoft Word шиг энгийн WYSIWYG засварлагч ашиглан мэдээллээ оруулдаг.
  • Найдвартай ажиллагаа
    Үнэгүй, нээлттэй эхийн АУС учраас дэлхийн өнцөг булан бүрт хэдэн сая вэбсайт дээр ашиглагдаж байгаа учраас аливаа алдаа дутагдал, эрсдэл нь илүү хялбар олдон цаг тухай бүр засагддаг. Нээлттэй эх гэдэг утгаараа маш олон програм зохиогчид эх кодыг сайжруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулдаг бөгөөд үүний үр дүнд бид бүгдээрээ найдвартай сайн АУС-ийг хэрэглэх боломжтой болж байгаа юм.
  • Монгол хэл дээр хэрэглэх боломжтой
    Joomla! 1.0.15 хувилбарыг бид нар Joomla! Mongolia хувилбар болгон иж бүрэн орчуулсан бөгөөд үүнд удирдлагын самбарыг хүртэл орчуулснаар Монгол хэлтэй, компьютерын анхан шатны мэдлэгтэй хэн ч болов энэхүү АУС-г хялбар суралцан хэрэглэх боломжтой болсон билээ. Хамгийн сүүлийн Joomla! 1.5.9 хувилбарын үндсэн вэбсайтны Монгол хэлний орчуулга хийгдсэн бөгөөд удирдлагын самбарын орчуулга тун удахгүй олны хүртээл болох болно.
  • Зардал маш багатай, үр дүнтэй
    Joomla! АУС нь Олон Нийтийн Нээлттэй Лицензийн дагуу ямарч үнэ төлбөргүй, чөлөөтэй ашиглах боломжтой юм. Дизайн загвар, компонент, модуль, нэмэлтүүд нь үнэгүй олддог бөгөөд тэдгээрийг ашиглан вэбсайт бүтээхэд бусад АУС-үүдтэй харьцуулахад харьцангуй хямд төсөр, бага цаг хугацаанд амархнаар бүтээх боломжтой байдаг.
  • Шалгагдсан аюулгүй байдал
    Зөвхөн Joomla! гэлтгүй аливаа мэдээллийн технологийн шийдлийг ажиллуулахад байнгын анхаарал, програмын шинэчлэл, хяналт шалгалт, сэтгэл зүрх гаргах хэрэгтэй бөгөөд Joomla! дээр ч мөн адил тухай бүр шинэ хувилбар руу шинэчилж, веб сервер, үйлдлийн системийн аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй юм. Joomla! нь маш өргөн дэлгэр хэрэглэгддэг гэдэг утгаараа алдаа дутагдал, програмын алдаа нь бусад АУС-тэй харьцуулахад илүү амархан олдож, дор дороо засагддаг билээ.  Түгээмэл АУС-үүдийг харьцуулах нь
  • Нэг зүйл хэлэхэд амархан хакеруудад өртөх магадлалтай.

No comments:

Post a Comment